ИОХАН 12:20-50
ИОХАН 12:20-50 АБ2004
Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно. Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна хэмээн айлдлаа. Тэр Өөрөө ямар үхлээр үхэхээ онцолж үүнийг хэлжээ. Хурсан олон Түүнд —Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв. Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ. Есүс ийн айлдсаны дараа тэднээс салан явж нуугдав. Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн. Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. Хэдий тийм боловч захирагчдаас олон хүн Есүст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогаас хөөгдөх вий гэсэндээ тэгжээ. Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм. Есүс хашхиран —Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. Хэрэв Миний үгийг сонсоод үл сахидаг хүн байвал, Би түүнийг шүүхгүй. Учир нь Би ертөнцийг шүүхийн тулд бус, харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч бий. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ. Яагаад гэвэл Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм. Түүний тушаал бол мөнх амь мөн гэдгийг Би мэднэ. Тиймээс Миний хэлж байгаа зүйлс нь Эцэгийн Надад хэлж байгааг Би хэлж байгаа юм гэж айлдлаа.