ИОХАН 11:17-44

ИОХАН 11:17-44 АБ2004

Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ. Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан. [Тийм боловч] одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв. Есүс түүнд —Чиний ах амилна гэхэд Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад —Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув. Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ. Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэн —Багш энүүхэнд байна. Чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд түүнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж, —Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж, — Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд —Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв. Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булш уруу хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв. Есүс Мартад —“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ гэв. Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв.

ИОХАН 11:17-44 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв