ИОХАН 1:19-34

ИОХАН 1:19-34 АБ2004

Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа. Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч —Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ. Тэд түүнээс —Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр —Би биш гэсэнд, —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “ЭЗЭНий замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв. Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа. Тэд түүнээс —Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд Иохан —Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна. Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв. Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм. Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун! Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.