ИЕРЕМИА 37

37
1Вавилоны хаан Небухаднезарын Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болж хаанчлав. 2Харин тэр ч, түүний зарц нар ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй. 3Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав. 4Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байв. Учир нь тэд түүнийг шоронд хийгээгүй байв. 5Энэ хооронд Фараоны цэргүүд Египетээс гарчээ. Иерусалимыг бүслээд байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас бүслэлтийг авав.
6Тэгтэл ЭЗЭНий үг эш үзүүлэгч Иеремиад ирж, 7“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. ”Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна. 8Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана”» хэмээв. 9ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар “Халдеичууд биднээс лавтай яа холдоно” гэцгээн, өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд явахгүй. 10Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.
11Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад, 12Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд өмч хөрөнгийг эзэмшихийн тулд явав. 13Түүнийг Бениамины Дааман Хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү, Ирийа гэдэг нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр
—Чи халдеичууд уруу явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав. 14Харин Иеремиа
—Худлаа! Би халдеичууд уруу яваагүй гэв. Гэлээ ч тэрээр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд уруу аваачив. 15Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв. 16Учир нь Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв.
17Зедекиа хаан хүн явуулж, түүнийг гаргажээ. Өөрийн ордонд хаан түүнээс нууцаар асуун,
—ЭЗЭНээс ирсэн үг байна уу? гэхэд Иеремиа
—Байна! гэв. Тэгээд тэрээр
—Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв. 18Үүнээс гадна, Иеремиа Зедекиа Хаанд
—Би чиний эсрэг, чиний зарц нар, эсвэл энэ ард түмний эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж чи намайг шоронд оруулав? 19Тэгвэл чамд “Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ? 20Харин одоо, хаан эзэн минь, сонсогтун. Миний гуйлтыг өмнөө авч, би тэнд үхэхгүйн тулд намайг гүүш Ионатаны гэр уруу бүү буцаагаач гэж хэлэв. 21Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

Одоогоор Сонгогдсон:

ИЕРЕМИА 37: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү