ИЕРЕМИА 33
33
1Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдсоор байх үед ЭЗЭНий үг түүн уруу хоёр дахь удаагаа ирж, 2“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг. 3«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв. 4Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 5«Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ. 6Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ. 7Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно. 8Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн бүх гэм буруугаас нь Би тэднийг цэвэрлэж, тэд Миний эсрэг нүгэл үйлдэж, зөрчлийг гаргасан бүх гэм бурууг нь Би өршөөнө. 9Энэ хот Миний хувьд Миний тэдэнд үйлддэг бүх сайны талаар сонсох газар дэлхийн бүх үндэстнүүдийн өмнө баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулаад Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.
10ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад болон хүн, оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад 11баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу
“ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас
түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн”
гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.
12Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно. 13Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.
14«Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 15«Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно. 16Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв. 17Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй. 18Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэжээ.
19ЭЗЭНий үг Иеремиад ирж, 20“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр, шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал 21Миний зарц Давидтай байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна. 22Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ.
23ЭЗЭНий үг Иеремиад ирж, 24“Эдгээр хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив. 25ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнө Миний гэрээ байхгүй, тэнгэр болон газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол, 26тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 33: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society