ИЕРЕМИА 23:1-8

ИЕРЕМИА 23:1-8 АБ2004

“Миний бэлчээрийн хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэгээд Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг Өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд үр жимс гаргаж, үржинэ. Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч дутагдахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж, энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ. Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”. ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэхээ больж, харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.