ИЕРЕМИА 13

13
1ЭЗЭН надад “Явж, өөртөө маалинган бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүсэл, харин түүнийг усанд бүү хийгээрэй” гэж айлдав. 2Тиймээс би ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүслэв. 3Тэгтэл ЭЗЭНий үг над уруу хоёр дахиа ирж, 4“Өөрийн худалдан авсан, чиний бэлхүүсээр бүсэлсэн байгаа бүсийг авч, босоод, Евфрат уруу явж, түүнийг тэнд хадны завсар нуу” гэж айлдав. 5Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув. 6Олон өдрийн дараа ЭЗЭН надад “Босож, Евфрат уруу явж, тэнд нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав” гэж айлджээ. 7Тэгээд би Евфрат уруу явж, ухаж, нуусан газраасаа би бүсийг авлаа. Үзэгтүн, өнөөх бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв.
8Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа 9“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана. 10Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог. 11Учир нь бүс хүний бэлхүүст наалддаг шиг, Би Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Өөртөө наалдуулсан нь тэд Миний хувьд нэр хүнд, магтаал, алдрын төлөөх хүмүүс байхын тулд юм. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв”. Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?” гэхэд 13чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ! 14Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.
15Сонсож, анхаарал тавь, битгий бардамна.
Учир нь ЭЗЭН айлджээ.
16Тэрээр харанхуйг авчрахаас өмнө,
мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө
та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд
Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.
17Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.
ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
18Хаанд болон эх хатанд
“Дорд газар сууцгаа.
Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.
19Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга.
Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.
20Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар.
Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?
21Чи өөрөө тэднийг сургасан байтал
Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ?
Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?
22Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл,
чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.
23Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?
Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.
24Тийм учраас Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.
25Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.
26Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.
27Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний биеэ үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ.
Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?”.

Одоогоор Сонгогдсон:

ИЕРЕМИА 13: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү