ШҮҮГЧИД 1:5-30

ШҮҮГЧИД 1:5-30 АБ2004

Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав. Харин Адони-безек зугтсанд, тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг нь тастав. Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа. Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдний ирээр цавчлан, галдан шатаав. Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев болон нам газарт нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар ирэв. Тийнхүү Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг хөдөллөө. (Хеброны нэрийг урьд нь Кириат-арба гэдэг байв). Тэд Шешаи, Ахиман болон Талмаиг бут цохив. Тэгээд тэндээс Иуда Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Дебирийг урьд нь Кириат-сефер гэдэг байв). Калеб —Кириат-сеферийг довтлон, түүнийг эзлэн авсан хүнд би охин Ахсагаа ч хүртэл эхнэр болгон өгнө гэв. Калебын дүү Кеназын хөвгүүн болох Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. Охин түүн дээр очиход, түүнийг эцгээсээ тариалангийн талбай гуй хэмээн ятгав. Охин илжигнээсээ буусанд, Калеб түүнээс —Чи юу хүсэв? хэмээн асуув. Тэр түүнд —Надад ерөөлөө хайрлаач. Нэгэнт надад Негевийн нутгийг өгснөөс хойш мөн булгуудыг нь өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв. Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув. Иуда ах Симеонтой хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж алаад, хотыг бүрмөсөн устгав. Ийнхүү тэр хот Хорма гэж нэрлэгдэх болов. Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав. ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Гэвч тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул тэднийг хөөн зайлуулж чадсангүй. Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд, тэр Анакийн гурван хөвгүүнийг тэднээс хөөж зайлуулав. Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав. Үүнтэй адил Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад, ЭЗЭН тэдэнтэй хамт байв. Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ). Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотын орох хаалгыг зааж өгөөч, тэгвэл бид чамд энэрэнгүй хандах болно” гэв. Хотын орох хаалгыг тэр зааж өгөхөд, тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт чөлөөлөв. Тэр хүн хитчүүдийн нутагт очин, нэгэн хот барьж, түүнийгээ Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг. Харин Манассе нь Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудыг эзлэн аваагүй тул канаанчууд тэр нутагт амьдарсаар байв. Израиль хүчирхэг болоход, канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөж зайлуулсангүй. Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав. Зебулун Китроны болон Нахалолын оршин суугчдыг хөөж зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов.