ИАКОВ 4:1-17
ИАКОВ 4:1-17 АБ2004
Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү? Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруу хандлагаар гуйдаг байна. Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг. Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно. Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж. Хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэр нь аварч, устгаж ч чадна. Харин хөршөө шүүгч та хэн юм бэ? “Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ. Та ингэж хэлэхийн оронд, харин “Хэрэв Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж яривал зохино. Харин үүнтэй адил, та нар өөрсдийнхөө бодол дотор бардамнан сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм. Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм.