ИСАИА 9:1-7
ИСАИА 9:1-7 АБ2004
Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно. Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна. Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана. Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ. Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана. Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.