ИСАИА 65

65
1“Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж,
Намайг эрээгүй хүмүүст Би олдов.
Миний нэрийг дуудаагүй үндэстэнд
«Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.
2Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч,
бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан.
3Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон,
цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,
4булшнуудын дунд сууж,
нууц газруудад шөнийг өнгөрөөн,
гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд,
5«Зогс. Над уруу бүү ойртогтун.
Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг.
Тэд бол Миний хамарт үнэртэх утаа,
бүх л өдөржин шатдаг гал юм.
6«Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн.
Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө.
Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.
7Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна.
Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан,
толгод дээр Намайг доромжилсон.
Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.
8ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Хонхорцог дотор шинэ дарс олдвол
«Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт,
Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж,
тэднийг бүгдийг нь устгахгүй.
9Би Иаковаас үр удмыг нь,
Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна.
Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн,
Миний зарц нар тэнд амьдарна.
10Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр,
Ахорын хөндий үхрийн хэвтэр болно.
11Харин ЭЗЭНийг орхин,
Миний ариун уулыг мартан,
Аз завшааны төлөө ширээ засаж,
Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,
12Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад
та нар бүгдээрээ аллагад бөхийнө.
Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй.
Би айлдсан боловч та нар сонссонгүй.
Та нар Миний өмнө мууг үйлдэн,
Миний хүсээгүйг сонгосон”.
13Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна.
“Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө.
Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана.
Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.
14Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч,
та нар шаналсан сэтгэлдээ уйлж,
цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно.
15Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд
Эзэн БУРХАН та нарыг ална.
Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.
16Яагаад гэвэл дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө.
Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана.
Учир нь урьдын зовлонгууд мартагдаж,
Миний хараанаас нуугдсан.
17Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ.
Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна.
18Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун.
Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг,
баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ.
19Мөн Би Иерусалимд баярлан,
Өөрийн ард түмэнд баясаж байна.
Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.
20Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч,
өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно.
Зуу наслаад үхэх хүнийг залуу,
зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно.
21Тэд гэр барьж, түүн дотроо сууна.
Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.
22Тэд барихгүй, өөр хүн сууна.
Тэд тарихгүй, бусад нь иднэ.
Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд
Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө.
23Тэд дэмий хоосон ажиллахгүй,
зовохын тулд хүүхэд төрүүлэхгүй.
Учир нь тэд ба тэдний үр удам нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн хойч үе билээ.
24Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. 25Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, шороо нь могойн хоол болно. Тэд Миний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 65: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү