ИСАИА 44

44
1Харин одоо Миний боол Иаков оо,
Миний сонгосон Израиль аа, сонсогтун.
2ЭЗЭН чамайг бүтээж,
чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална.
Тэр ингэж айлдаж байна.
“Бүү айгтун, Миний боол Иаков оо,
Миний сонгосон Иешурун аа!
3Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж,
хуурай газар дээр горхи урсгана.
Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж,
хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.
4Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.
5Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ.
Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана.
Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин,
хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.
6ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч,
түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
“Би бол эхэн, Би бол эцэс.
Надаас өөр Бурхан байхгүй.
7Хэн Над шиг юм бэ?
Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг.
Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун.
Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг.
8Битгий түгшигтүн. Бүү ай.
Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү?
Та нар бол Миний гэрч нар.
Надаас өөр Бурхан байдаг уу?
Өөр Хад байдаг уу?
Би мэдэж байна, өөр байхгүй”.
9Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. 10Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ? 11Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.
12Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг. 13Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. 14Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. 15Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг. 16Модны хагасаар нь тэр гал түлж, дээр нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг. 17Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран “Та бол миний бурхан. Намайг авраач” гэж хэлдэг.
18Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан. 19“Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?” гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. 20Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд “Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?” гэж хэлж чаддаггүй.
21“Иаков оо, эдгээрийг санагтун.
Израиль аа. Учир нь чи Миний боол.
Би чамайг бүтээсэн.
Чи Миний боол.
Израиль аа, Би чамайг мартахгүй.
22Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт,
чиний нүглийг үүл мэт хөөсөн.
Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.
23ЭЗЭН үүнийг хийсэн учир,
тэнгэр ээ, баярлан хашхирагтун.
Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун.
Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун.
Учир нь ЭЗЭН Иаковыг аврав.
Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.
24Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн,
чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН.
Би Өөрөө тэнгэрийг сунгаж,
дэлхийг ганцаараа дэлгэсэн.
25Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж,
төлөгчдийг мунхгууд болгож,
мэргэдийн ухааныг устган,
тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.
26Тэр Өөрийн боолуудын үгийг баталж,
элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ.
Би Иерусалимд хандан «Чи оршин суугчидтай болно»,
Иудагийн хотуудад «Та нарыг босгох болно» гэсэн.
Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.
27Би тэнгисийн усанд хандан
«Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ» гэж айлдсан.
28Би Корешт хандан
«Тэр Миний хоньчин.
Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв.
Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно»,
мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана”.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 44: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү