ЭХЛЭЛ 9:1-17

ЭХЛЭЛ 9:1-17 АБ2004

Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна. Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ. Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ. Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж, Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ. Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн — Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй, бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. Бурхан —Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой. Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад, Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй. Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. Бурхан Ноад —Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.