ЭХЛЭЛ 35:16-29
ЭХЛЭЛ 35:16-29 АБ2004
Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ. Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь —Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв. Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв. Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав. Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна. Израиль дахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов. Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв. Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой. Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой. Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой. Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Паддан-арамд төрсөн Иаковын хөвгүүд болно. Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ. Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ. Исаак өндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.