ЭХЛЭЛ 24:1-67

ЭХЛЭЛ 24:1-67 АБ2004

Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв. Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж —Миний өгзгөн доогуур гараа хий. Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр тангараглуулъя. Энэ нь чи миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй, харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв. Зарц нь —Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ. Абрахам түүнд —Чи миний хүүг тэнд буцааж аваачуузай. Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө” гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно. Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв. Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав. Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ. Үдшийн үеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв. Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү? Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад, нэгэн охинд “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэхэд тэр бүсгүй “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв. Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ. Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв. Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод —Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд тэр бүсгүй —Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав. Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад, —Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв. Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав. Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа. Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан ээмэг, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд өгөөд, — Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд тэрээр —Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд — Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий, мөн хоноглох өрөө ч бий гэв. Тэгээд тэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж, — Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв. Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ. Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив. Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас —Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ. Лабан —Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ. Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавьсанд тэр хүн —Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн —Хэл, хэл! гэв. Тэрээр өгүүлрүүн —Би бол Абрахамын зарц. ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм. Миний эзний гэргий Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм. Миний эзэн надаар тангараг тавиулж, өгүүлсэн нь “Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонгож ав. Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонгож ав!” гэсэн билээ. Тэгэхэд нь би эзэндээ “Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?” гэж хэлэхэд, тэрээр надад “Миний даган бишрэгч ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чамтай хамт явуулж, чиний аян замыг өлзийтэй болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно. Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангарагт хамаарахгүй болно. Хэрэв тэд чамд охиноо өгөхгүй байсан ч гэсэн чи энэ тангарагт хамааралгүй болно” гэв. Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү! Би худгийн дэргэд зогсож байя. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлэх ба тэрээр надад «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж дотроо залбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. “Надад ус уулгана уу?” гэж би түүнд хэлэхэд тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, “Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя” гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа. Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв. Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав. Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайраа, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү? эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл гэж хэлэв. Лабан, Бетуел хоёр —Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй. Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог. Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд, алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ. Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр —Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд Ребекагийн ах, ээж хоёр —Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв. Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн —Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв. Тэд —Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд Ребекаг дуудаж, —Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр —Би явна хэмээн хариулжээ. Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ. Тэд Ребекаг ерөөн, —Охин дүү минь, Чи мянга түмэн хүний эх болох болтугай! Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ. Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа. Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ. Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав. Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж, зарцад —Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц —Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв. Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ. Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.

ЭХЛЭЛ 24:1-67-д зориулсан видео