ЕЗЕКИЕЛ 10
10
1Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв. 2Тэр маалинган хувцас өмссөн хүнд хандан
—Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр гараа дүүргэн, хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.
3Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв. 4Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв. 5Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.
6Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан
—Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэр нэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов. 7Тэгэхэд херуб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав. 8Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв.
9Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв. 10Тэдний дүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв. 11Тэд хөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв. 12Тэдний бүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв. 13Намайг сонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ. 14Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.
15Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм. 16Херубуудыг явахад дугуйнууд ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуйнууд ч тэдний дэргэдээс эргэж салсангүй. 17Херубуудыг тогтуун зогсох үед дугуйнууд ч тогтуун зогсож, тэднийг дээшээ хөөрөхөд дугуйнууд ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биесийн сүнс нь тэдний дотор байсан юм.
18Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр тогтов. 19Херубууд нь одохдоо миний нүдний өмнө тэд далавчаа дэлгэн дэргэдээ дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. Тэд ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв.
20Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биес юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв. 21Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв. 22Тэдгээрийн нүүрний төрх нь гэвэл, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр төрх царайтай адил байв. Тус бүр чигээрээ урагшлав.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 10: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society