ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 9:1-35
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 9:1-35 АБ2004
ЭЗЭН Мосед —Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал ЭЗЭНий мутар хээр байгаа чиний мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна. Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»” гэж хэл хэмээн айлдав. ЭЗЭН цаг товлож, —Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж айлдав. Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй. Фараон хүн илгээж, Израилийн малаас нэг нь ч үхээгүйг мэдэв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй. ЭЗЭН Мосе, Аарон нарт —Зуухны үнснээс хоёр алгандаа дүүргэн авч, Фараоны нүдний өмнө Мосе түүнийг тэнгэр өөд цацаг. Тэр үнс Египетийн бүх нутагт тоос болж, Египетийн нутаг даяар бүх хүн, малд идээт яр халдаана гэж айлдав. Тэд зуухнаас үнс аван, Фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өөд цацсанд хүн, малд идээт яр халдав. Илбэчид ч идээт ярнаас болж Мосегийн өмнө зогсож чадсангүй. Яагаад гэвэл илбэчдэд, бүх египетчүүдэд идээт яр халдсан болой. ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан, тэр тэднийг сонссонгүй. ЭЗЭН Мосед —Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно. Би мутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм. Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна. Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна. Одоо тийм учраас хүн илгээж, өөрийн мал сүрэг ба хээр байгаа бүх юмсаа аюулгүй газар аваач. Хээр үлдэж, гэрт хариагүй бүх хүн, мал мөндөр буухад үхнэ»” гэж хэл хэмээн айлдав. Фараоны зарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв. Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь өөрсдийн боол, малыг хээр орхив. ЭЗЭН Мосед —Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн, мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав. Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа. Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа. Египетийн нутаг даяар хээр байсан хүн, малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив. Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй. Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ. ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв. Мосе түүнд —Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно. Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв. (Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга болон арвай сүйтгэгдэв. Харин улаан буудай, хөц буудай нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.) Мосе Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭН уруу гараа сунгалаа. Аянга, мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив. Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, зарц нарынхаа хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭН Мосегээр дамжуулан айлдсанчлан, Израилийн хөвгүүдийг явуулсангүй.