ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:2-11

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:2-11 АБ2004

Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд —Би бол ЭЗЭН. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа. Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй. ЭЗЭН Мосед хандан — Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:2-11-д зориулсан видео