ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 35

35
1Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглааныг хуралдуулан, тэдэнд
—ЭЗЭН та нарт эдгээр зүйлсийг хий гэж тушаасан. 2Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой. 3Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.
4Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж
—ЭЗЭН энэ зүйлийг тушаасан. 5“Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл, 6хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 7улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 8гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч, 9оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.
10Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй. 11Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд ба углууруудыг нь, 12авдар болон түүний дамнуургууд, өршөөлийн суудал, дэлгэцийн бүрээсийг, 13ширээ болон түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд болон Оршихуйн талхыг, 14мөн гэрэлтүүлгэнд зориулсан дэнлүүний суурь болон түүний хэрэгслүүд, дэнлүүнүүд, дэнлүүний тосыг, 15утлагын тахилын ширээ болон түүний дамнуургууд, тослох тос болон анхилуун утлага, асрын орох үүдний дэлгэцийг, 16шатаалт тахилын ширээг хүрэл тортой нь хамт, түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд, угаагуур ба түүний суурийг, 17хашааны өлгүүр, түүний баганууд болон углуурууд, мөн хашааны хаалганы дэлгэцийг, 18асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг, 19ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй” гэв.
20Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов. 21Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав. 22Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв. 23Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав. 24Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав. 25Үйлэнд уран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа. 26Зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв. 27Захирагчид ефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг, 28гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав. 29ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.
30Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд
—Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав. 31Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь 32алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж, 33суулгах чулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм. 34Тэрээр заах чадварыг Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб тэр хоёрын зүрхэнд өгчээ. 35Сийлбэрчин, зохион бүтээгчийн, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган дээр хатгах, бүхий л ажлыг гүйцэтгэх, загварыг зохиох аливаа ажлыг хийх ур чадвараар ЭЗЭН тэднийг дүүргэв.

Одоогоор Сонгогдсон:

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 35: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 35-д зориулсан видео