ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 23:20-33
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 23:20-33 АБ2004
Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна. Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй. Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно. Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно. Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал. Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна. Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна. Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. Чиний өмнөөс хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зайлуулахын тулд Би чиний өмнө хэдгэнүүдийг явуулна. Би ганцхан жилийн дотор тэднийг чиний өмнөөс зайлуулахгүй. Учир нь газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний хувьд олшрох вий. Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна. Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна. Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.