ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 21
21
1Чиний тэдэнд тогтоох хуулиуд нь эдгээр юм. 2Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө. 3Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна. 4Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой. 5Гэвч хэрэв боол «Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй» гэж үнэхээр хэлбэл, 6эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой. 7Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй. 8Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд шударга бус хандсанаас болж түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй. 9Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охин шигээ харьцах ёстой. 10Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэрээ хоол, хувцсаар хангаж, эр эмийн харьцаатай байх ёстой. 11Хэрэв тэр эдгээр гурван зүйлийг биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч мөнгөгүйгээр юу ч авалгүй явах ёстой.
12Хүн цохиж алагчийг заавал алах ёстой. 13Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө. 14Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг Миний тахилын ширээнээс аваад ал.
15Эцэг эхээ цохигчийг заавал алах ёстой.
16Хүн хулгайлагч түүнийгээ зарсан ч бай, эсвэл хулгайлагдсан хүн нь түүний эзэмшлээс олдсон ч бай, хулгайчийг заавал алах ёстой. 17Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.
18Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу, эсвэл нударгаараа цохиж, нөгөө нь үхэлгүй харин хэвтэрт ороод, 19дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна.
20Хэрэв хүн өөрийн боол эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой. 21Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал, ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн.
22Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. 23Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар, 24нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, 25түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө.
26Хэрэв хүн өөрийн боол, эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой. 27Мөн хэрэв боол, эсвэл шивэгчнийхээ шүдийг цохиж унагавал шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.
28Хэрэв эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал, уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн нь шийтгүүлэлгүй явна. 29Харин хэрэв үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвэл, уг үхэр уруу чулуу шидэж, бас эзнийг нь ч алах ёстой. 30Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбал, тэр өөрийн амийг аврахын төлөө ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө. 31Үхэр нь эрэгтэй, эсвэл эмэгтэй хүүхдийг мөргөвөл энэ хуулийн ёсоор хийнэ. 32Хэрэв боол, эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхэр уруу чулуу шидэх ёстой.
33Хэрэв хүн нүхийг нээж, эсвэл нүх ухаад түүнийгээ буцааж дараагүйгээс болж үхэр, эсвэл илжиг нүхэнд нь унавал, 34нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно.
35Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албал, тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой. 36Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж, харин үхсэн үхрийг өөртөө авна.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 21: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society