ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13
13
1ЭЗЭН Мосед хандан,
— 2Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга. Энэ нь Минийх гэж айлдав.
3Мосе ард түмэнд
—Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана. Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. 4Абиб сарын энэ өдөр та нар гарсан. 5ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. 6Долоон өдрийн турш та нар исгээгүй талхыг идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. 7Долоон өдрийн турш исгээгүй талхыг ид. Өөрсдийнхөө дунд болон бүх хил хязгаарынхаа дотор өөрсдийнхөө дунд та нар исгэх хөрөнгийг бүү байлга. 8Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө үйлдсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. 9Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. 10Тийм учраас жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.
11ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед 12чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм. 13Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чиний хөвгүүдийн дундаас хүний аливаа ууган үрийг чи золь. 14Хожим чиний хүү чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал, чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан. 15Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа анх төрөгсдийг, хүний ууган болон малын анхны төл бүрийг ЭЗЭН алсан. Тийм учраас би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл. 16Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.
17Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан
—Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан. 18Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа. 19Мосе өөртөө Иосефын ясыг авлаа. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийнхөө хамт эндээс авч яваарай” гэсэн юм. 20Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. 21ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа. 22Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society