ЕСТЕР 9:20-32

ЕСТЕР 9:20-32 АБ2004

Тэгээд Мордехаи эдгээр явдлыг тэмдэглэж, Ахашверош хааны хол, ойрын бүх мужид амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв. (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов. Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов. Тийнхүү иудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав. Учир нь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ. Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав. Тиймээс тэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов. Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн энэ өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй болов. Тэгэхэд Абихаилын охин Естер хатан иудей Мордехаитай хамт бүрэн эрхтэйгээр энэ хоёр дахь захидлыг бичиж, Пуримийн тухай батлав. Тэрээр амар амгалан болон үнэний үгстэй захидлыг Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужид бүх иудейчүүдэд илгээж, Пуримийн эдгээр өдрийг тогтоосон цагт сахиулав. Энэ нь иудей Мордехаи болон Естер хатан тэдэнд тогтоосончлон мөн Иудейчүүдийн мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө болон өөрсдийн үр удамдаа заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм. Ийнхүү Естерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна