ЕСТЕР 2
2
1Эдгээр зүйлсийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэр Ваштиг болон түүний юу хийснийг, мөн түүний эсрэг ямар зарлиг гаргаснаа санав. 2Тэгэхэд түүнд үйлчилж байсан хааны бараа бологчид ийн хэлэв.
—Хаанд үзэсгэлэнтэй онгон охидыг эрж олог. 3Хаан өөрийн хаанчлалын бүх мужид хянагч нарыг томилж, тэд үзэсгэлэнтэй онгон охин бүрийг нийслэл Суса уруу эмэгтэйчүүдийн байр уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин халамжинд цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг нь өгсүгэй! 4Тэгээд хааны таалалд нийцсэн залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэв. Энэ хэрэг хааны таалалд нийцсэн бөгөөд тэр түүнчлэн үйлдэв. 5Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв. 6Тэр нь Вавилоны хаан Небухаднезарын цөлсөн Иудагийн хаан Иекониатай хамт цөлөгдсөн олзлогдогсодтой цуг Иерусалимаас цөллөгт ирсэн хүн юм. 7Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ.
8Хааны тушаал болон зарлиг зарлагдан, олон залуу эмэгтэйчүүд нийслэл Суса уруу Хегаин халамжинд цуглацгааж байхад Естер хааны ордон уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин халамжинд хүргэгджээ. 9Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэр Естерийг оо энгэсгээр болон хүнсээр түргэн хангаж, түүнд хааны ордноос долоон шилмэл шивэгчнийг өгөн, түүнийг болон шивэгчдийг нь хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв. 10Естер өөрийн ард түмнээ ч, садан төрлөө ч илчилсэнгүй. Учир нь Мордехаи түүнд тэднийг илчилж болохгүй хэмээн захижээ. 11Тэгээд Мордехаи өдөр бүр хааны эхнэрүүдийн байрны хашааны өмнүүр Естерийн ямар байгааг болон юу болж байгааг мэдэх гэж урагшаа хойшоо холхидог байв.
12Залуу эмэгтэй бүрийн хаан Ахашверош уруу очих ээлж болоход тэр эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэлийг гүйцээх ёстой байв. Мирийн тосны зургаан сар, мөн эмэгтэйчүүдийн үнэртэн ба оо энгэсгийн зургаан сар ажээ. 13Залуу эмэгтэй нь хаан уруу ийм байдлаар орох ёстой. Эмэгтэйчүүдийн байрнаас хааны ордон уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгдөх юм. 14Орой нь тэрээр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь байр уруу буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын халамжинд очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ. 15Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.
16Ингээд Естерийг Ахашверошийн хаанчлалын долоо дахь жилийн Тебет буюу аравдугаар сард хааны ордонд Ахашверош хаан дээр авчрав. 17Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. 18Дараа нь хаан их найр буюу Естерийн найрыг өөрийн бүх ноён болон албан хаагчдад зориулан хийсэн бөгөөд мөн мужууддаа амралтын өдрийг зарлан, өөрийн өгөөмөр зангаар бэлгүүдийг өгөв.
19Тэгээд онгон охидыг хамтдаа хоёр дахь удаагаа цуглахад Мордехаи нь хааны дааман хаалганы тушаа сууж байв. 20Естер Мордехаин тушаасанчлан, үндэс угсаагаа ч, ард түмнээ ч хараахан мэдэгдээгүй байв. Учир нь Естер Мордехаин үгийг, түүний халамжинд байх үеийнх шигээ л дагаж байв. 21Тэр өдрүүдэд Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад хаалгыг сахиж байсан хааны албаны хүмүүсээс хоёр нь буюу Бигтан, Тереш нар өширхөн, хаан Ахашверошт халдахаар зэхэв. 22Гэвч хуйвалдааныг Мордехаи мэдээд, Естер хатанд хэлэхэд Естер үүнийг хаанд Мордехаин нэрээр мэдэгдэв. 23Хуйвалдааныг шалгаж, үнэн байсан нь мэдэгдэхэд, тэд хоёул дүүжлүүрт дүүжлэгдэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.
Одоогоор Сонгогдсон:
ЕСТЕР 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society