ЕСТЕР 1:9-18
ЕСТЕР 1:9-18 АБ2004
Хатан Вашти мөн хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв. Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав. Хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв. Тэгээд хаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв. Перс болон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.) — Тайгануудаар дамжуулсан хаан Ахашверошийн тушаалыг дагаагүй хатан Ваштиг хуулийн дагуу хэрхэх ёстой вэ? хэмээсэнд, хаан болон ноёдын өмнө Мемукан ийн өгүүлэв. —Хатан Вашти зөвхөн хааны өмнө бурууг үйлдээд зогсоогүй, мөн хаан Ахашверошийн бүх муж дахь ноёд болон бүх ард түмний өмнө бурууг үйлдэв. Учир нь хатны үйлдэл нь бүх эмэгтэйчүүдэд мэдэгдэхэд энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштиг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр ирээгүй” гэж хэлэн нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн ийм байдлаар хааны бүх ноёдтой ярих бөгөөд жигшил зэвүүцэл болон уур хилэн их болох болно.