ЕФЕС 5:1-21
ЕФЕС 5:1-21 АБ2004
Тиймээс хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв. Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө. Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго. Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. Иймд тэдний хамсаатан байж болохгүй. Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц. Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж, дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун. Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.