НОМЛОГЧИЙН ҮГС 10

10
1Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг. 2Ухаант хүний зүрх эзнээ баруун тийш хөтөлдөг бол, харин тэнэгийн зүрх эзнээ зүүн тийш дагуулдаг. 3Тэнэг хүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг. 4Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой бурууг ч зайлуулдаг.
5Захирагчаас үүдэлтэй алдаатай адил нэгэн ёрын зүйлийг би наран доор харсан нь 6мулгуучууд олон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой. 7Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.
8Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад. 9Чулуу бутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм. 10Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө. 11Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм. 12Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж. 13Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж. 14Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ? 15Тэнэг хүн хот уруу хэрхэн хүрэхийг ч мэддэггүй учраас түүний ажил өөрийг нь ядраах аж. 16Хаан нь балчир, ноёд түшмэд нь өглөөжин найрладаг газар нутаг хөөрхийлөлтэй! 17Хэрэв гүрний хаан нь ухаантнаас язгууртай, албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ. 18Залхуугийн сууцны дээвэр хотойж, дусаал гоожих нь зайлшгүй. 19Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ. 20Бодолдоо хааныг бүү зүх, баян хүнийг унтлагын өрөөндөө ч бүү хараа. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд далавчит бүтээл уг хэргийг задалж магад.

Одоогоор Сонгогдсон:

НОМЛОГЧИЙН ҮГС 10: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү