ДАНИЕЛ 4

4
1Небухаднезар хаан бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд хандан
—Та нарт амар амгалан бялхах болтугай! 2Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь зөв гэж би бодлоо.
3Түүний тэмдгүүд ямар агуу вэ!
Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ!
Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал,
Түүний ноёрхол үеэс үед оршино.
4Небухаднезар би өөрийн гэрт тайван байж, өөрийн орд харшид амгалан сууж байлаа. 5Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. 6Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан. 7Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй. 8Гэвч эцэст нь миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн бөгөөд ариун бурхдын сүнстэй Даниел миний өмнө ирсэнд түүнд би зүүдээ хэлэхдээ, 9“Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн. 10Би орондоо хэвтэж байх хооронд миний оюун ухаан дахь үзэгдлүүд ийм байлаа. Би харж байлаа, гэтэл харагтун, дэлхийн голд нэгэн мод ургасан бөгөөд агуу өндөр мод байв.
11Тэр мод сүглийн ургаж, хатууран бүдүүрч,
өндөр нь тэнгэрт тулсан бөгөөд
дэлхийн зах хязгаарыг хүртэл харагдахаар том болов.
12Түүний навчис сайхан, үр жимс нь элбэг бөгөөд
түүн дээр бүх хүнд хүрэлцэхүйц идээ байв.
Хээрийн араатнууд сүүдэрт нь хоргодож,
огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч,
бүх амьд амьтан түүнээс хооллов.
13Би орондоо хэвтэж байхдаа оюун ухаанд минь буй үзэгдэл дотор харахад ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж иржээ.
14Тэрээр хашхирч
«Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга.
Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая.
Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ.
15Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ.
Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж,
хээрийн шинэхэн өвсөн дунд байлга.
Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж,
араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.
16Түүний оюун ухаан нь хүнийхээс өөрчлөгдөж,
түүнд араатны оюун ухаан өгөгдөж,
ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлэг.
17Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөд
энэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр.
Энэ нь Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч,
Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгч,
хамгийн дорд хүнийг ч гэсэн хаан ширээнд залдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм»
гэв. 18Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна” хэмээн өгүүлэв.
19Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой. 20Хаан таны үзсэн тэр мод буюу сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулж, дэлхийн зах хязгаар хүртэл харагдахаар том болсон бөгөөд 21навчис нь сайхан, үр жимс нь элбэг бөгөөд бүх хүмүүст хүрэлцэхээр идээ болдог, хээрийн араатнууд сүүдэр доор нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол 22хаан минь, та өөрөө мөн. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, таны сүр жавхлан тэнгэрт тулж, таны эрх мэдэл дэлхийн хязгаарт хүрсэн. 23Хааны харсан ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж ирээд, «Модыг цавчиж, устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсний дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээрийн араатнуудтай хамт долоон цаг үеийг өнгөртөл байг» гэж хэлсэн. 24Хаан минь, тайлал ийм байна. Миний эзэн хаанд ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ. 25Та хүмүүсээс хөөгдөж, таны орших газар хээрийн араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг та ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөнө. 26Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн зарлиг үүнтэй холбоотой бөгөөд захирдаг нь Тэнгэр гэдгийг та ухаарсны дараа таны хаанчлал бат тогтох болно. 27Тиймээс хаан минь, миний зөвлөгөө танд таалагдах болтугай. Зөв шударгыг үйлдсэнээр нүглүүдээсээ салж, ядууст энэрэл үзүүлснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл таны хөгжил цэцэглэл уртсаж магадгүй” гэв.
28Энэ бүх хэрэг Небухаднезар хаанд биелэв. 29Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр зугаалж байлаа. 30Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ. 31Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэг дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хэмжээлшгүй эрх мэдлийг чамаас зайлуулсан бөгөөд 32чи хүмүүсээс хөөгдөж, чиний орших газар хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг чи ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөх болно” гэв. 33Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт болон ургатал түүний бие тэнгэрийн шүүдэрт норжээ.
34Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав.
Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөд
Түүний хаанчлал үеийн үед оршино.
35Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог.
Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч,
газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг.
Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд
“Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.
36Тэр үед миний саруул ухаан надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө миний нэр алдар болон сүр жавхлан надад эргэн ирэв. Миний зөвлөгчид болон сурвалжит гаралтай хүмүүс намайг эрэлхийлжээ. Ийнхүү миний хэмжээлшгүй эрх надад дахин өгөгдөж, агуу байдал надад нэмэгдэв. 37Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.

Одоогоор Сонгогдсон:

ДАНИЕЛ 4: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү