КОЛОССАЙ 2:1-23

КОЛОССАЙ 2:1-23 АБ2004

Та нарын төлөө, Лаодикт байгаа хүмүүс болон миний зүс царайг үзээгүй тэр бүх хүний төлөө хэр их тэмцэлдэж байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Ингэснээр тэдний зүрх хайрын дотор холбогдон, Бурханы нууцын жинхэнэ мэдлэг болох Христ уруу аваачдаг бүрэн итгэлт ойлголтоос ирдэг бүх баялагт хүрэн, урамшдаг. Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч зөв сахилга журамтай байгааг чинь болон Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна. Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун. Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн. Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн. Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн. Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы үйлсэд итгэсэн итгэлээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав. Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов. Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг. Тэд бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс зуурдаггүй ажээ. Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцөд амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, “Барьж ч, амсаж ч, гар хүрч ч болохгүй” гэх (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхнийг) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм.