ҮЙЛС 5

5
1Гэтэл Ананиа гэгч нэгэн эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж, 2өртгийн заримыг нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв. 3Харин Петр
—Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов? 4Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв. 5Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав. 6Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулав.
7Юу болсныг мэдээгүй түүний эхнэр гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв. 8Петр түүнд хандаж,
—Та нар газраа ийм, ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд, тэр эмэгтэй
—Тийм ээ, өртөг нь тийм байсан гэв. 9Петр түүнд
—Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд, 10мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ. 11Бүх чуулган болон энэ бүхнийг сонссон бүхэн үлэмжийн айдаст автав.
12Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг бүтээгдэж байв. Тэд Соломоны асарт бүгд нэгэн санаатай байлаа. 13Бусдаас хэн нь ч тэдэнтэй нийлэхээс эмээдэг байсан боловч ард олон тэднийг өндөр үнэлдэг байв. 14Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа. 15Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж гудамж уруу өвчтэй хүмүүсийг авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа. 16Мөн Иерусалимын ойр орчмын хотуудаас хүмүүс өвчтөнүүд, эсвэл бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа.
17Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч санаа нэгт садукайн бүлэглэлийнхний хамт эсэргүүцэн босож, 18тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. 19Гэтэл шөнөөр Эзэний тэнгэр элч шоронгийн хаалгануудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь
20Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун гэв. 21Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч өөрийн хүмүүсийн хамт ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ. 22Гэвч шорон уруу очсон цэргүүд тэднийг олоогүй тул эргээд ирж, энэ тухайгаа мэдэгдэв. 23Тэд
—Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгон ороход дотор нь хэн ч байсангүй гэв. 24Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив. 25Харин хүн ирж тэдэнд
—Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв. 26Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа) 27Ийнхүү нөгөө хэдийг авчирч Зөвлөлийн өмнө зогсоосны дараа тэргүүн тахилч тэднээс ийн асуув.
28Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. 29Харин Петр болон бусад элч нар тэдэнд
—Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой. 30Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ. 31Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн. 32Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.
33Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ. 34Харин олонд хүндтэй, Хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босож, тэднийг түр гаргахыг тушаав. 35Тэгээд зөвлөлийнхөнд хандаж
—Израиль эрчүүд ээ, эдгээр хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа. 36Саявтар Тюд гэгч нэгэн гарч ирэн, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд, түүнтэй дөрвөн зуу орчим хүн нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж, алга болцгоосон. 37Тэр хүний дараа Галилын Иуда гэгч хүн амын тооллогын үеэр гарч ирэн, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ. 38Тэгэхлээр энэ удаагийн хэрэгт ч би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая. Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно. 39Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд 40тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. 41Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. 42Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.

Одоогоор Сонгогдсон:

ҮЙЛС 5: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

ҮЙЛС 5-д зориулсан видео