ҮЙЛС 20:17-38

ҮЙЛС 20:17-38 АБ2004

Тэр Милетээс Ефес уруу хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. Тэднийг ирэхэд тэр —Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ. Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан. Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж, Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн. Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ. Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна. Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв. Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирав. Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа. Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.

Video for ҮЙЛС 20:17-38