ҮЙЛС 19:21-40

ҮЙЛС 19:21-40 АБ2004

Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв. Тэр өөрт нь үйлчилж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав. Энэ үед Замаас болж багагүй үймээн гарав. Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисын сүмийг мөнгөөр урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв. Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд —Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ. Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа. Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охин тэнгэр Артемисын сүм хэрэггүй гэж тооцогдон, Ази болон дэлхийн шүтдэг охин тэнгэрийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ. Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж, —Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн хашхирч гарав. Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв. Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулахгүй байлаа. Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг жүжгийн хүрээлэнд очихгүй байхыг ятгажээ. Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа. Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад Александр хүмүүст чимээгээ намдахыг гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ. Гэтэл хүмүүс түүнийг Иудей хүн гэдгийг таниад бүгд нэгэн дуугаар —Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав. Хотын захирагч ирж, цугласан олныг тайвшруулаад ийн хэлэв. —Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисын сүмийн харуул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ? Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй. Та нарын авчирсан эдгээр хүмүүс чинь ч сүмийг цөлмөөгүй, охин тэнгэрийг маань ч ер доромжлоогүй юм байна. Тиймээс хэрэв Деметр болон түүний урчууд хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж байгаа, мөн тэргүүн захирагч ч байна. Тэд гомдлоо авч ирцгээг. Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ. Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй гэжээ.

ҮЙЛС 19:21-40-д зориулсан видео