2 САМУЕЛ 17
17
1Цаашилбал Ахитофел Абсаломд
—Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү. 2Түүнийг эцэж, тэнхээ алдсан байх үед нь би түүн уруу дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүс зугтах болтол түүнийг айлгая. Тэгээд би ганцхан хааныг нь алъя. 3Би хамаг ардуудыг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван байх болно гэж хэлэв. 4Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахлагчдад таалагдав.
5Гэвч Абсалом
—Архет хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв. 6Хушаи Абсалом дээр очиход, Абсалом түүнд ийнхүү өгүүлэв.
—Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юу? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв. 7Хушаи Абсаломд
—Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв. 8Тэгээд цааш нь Хушаи
—Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй. 9Одоо тэр нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагалдагч цэргүүдийн дотор алуулсан хүмүүс байна” гэж хэлнэ. 10Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ. 11Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна. 12Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн уруу очиж, шүүдэр газар унах мэт түүнийг бид нөмрөн авч, түүнийг болон хамт буй хамаг цэргүүдийн нэгийг нь ч амьд үлдээхгүй. 13Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол, бүх Израиль тэр хот уруу олс авчран, тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв. 14Абсалом болон Израилийн хамаг ардууд
—Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
15Хушаи тахилч Задок болон Абиатар нарт
—Ахитофел нь Абсалом болон Израилийн ахлагчдад ингэж зөвлөсөн бөгөөд, харин би ийм зөвлөгөө өгөв. 16Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий” хэмээн хэл гэв. 17Ионатан болон Ахимааз Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч, харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж, тэдэнд хэлсэнд, тэд Давид хаанд хэл хүргэхээр болов. 18Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлэв. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд түүн дотор оров. 19Эмэгтэй бүтээлэг авч ирэн, худгийн амыг бүтээж, түүний дээр буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов. 20Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж
—Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй
—Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.
21Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн, Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад
—Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг ингэж зөвлөсөн байна гэв. 22Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр Иордан голыг гатлаагүй хүн нэг ч байсангүй. 23Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.
24Тэгээд Давид Маханаимд ирэв. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав. 25Абсалом Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байв. Амаса бол Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч Израиль хүний хөвгүүн байв. 26Ингээд Израиль болон Абсалом нь Гилеадын нутагт буудаллав.
27Давидыг Маханаимд ирэхэд, Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби болон Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар 28дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, буурцаг, хатаасан үр, 29зөгийн бал, ээдэм, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд хүмүүсийг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.
Одоогоор Сонгогдсон:
2 САМУЕЛ 17: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society