ХААДЫН ДЭД 19

19
1Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров. 2Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв. 3Тэд Исаиад
—Хезекиа ингэж хэлэв “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга. 4Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” хэмээв гэжээ. 5Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв. 6Исаиа тэдэнд
—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН ийн айлдаж байна «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс болж бүү айгтун. 7Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.
8Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаанд Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов. 9Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд
—Үзэгтүн, тэр өөрийн чинь эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг сонсоод, тэр Хезекиад элч нарыг илгээж,
10Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг. 11Үзэгтүн, Ассирийн хаад бүх газруудыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү? 12Гозан, Харан, Резеф мөн Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад, тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу? 13Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваим хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гээрэй гэв.
14Тэгээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв. 15Хезекиа ЭЗЭНий өмнө залбиран,
—Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн билээ. 16ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч. 17ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон тэдний газар нутгийг сүйтгээд, 18тэдний бурхдыг галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод, чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. 19Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.
20Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад илгээн,
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас Би чамайг сонслоо” гэв. 21Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм.
“Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв.
Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
22Чи хэнийг басамжлан, доромжилсон бэ?
Чи хэний эсрэг дуугаа өндөрсгөн, ихэмсгээр нүдээ өргөв?
Израилийн Ариун Нэгэний эсрэг!
23Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж,
«Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,
Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.
Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.
Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд нэвтрэн орсон билээ.
24Би малтаж, харийн ус ууж,
хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэжээ.
25Чи сонсоогүй юм уу?
Би үүнийг өнө эртнээс төлөвлөж,
дээр үед хийсэн юм.
Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулд
одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.
26Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж,
айн түгшиж, ичгүүрт орсон.
Тэд хээр талын өвс, ногоо шиг,
байшингийн орой дээрх ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.
27Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон
Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.
28Чи миний эсрэг уурлаж,
чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас
Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж,
амыг чинь хазаарлаж,
ирсэн замаар чинь чамайг буцаана.
29Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой. 30Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. 31Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ. 32Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. 33Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 34“Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно” гэв гэж хэлжээ.
35Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ. 36Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав. 37Түүнийг өөрийн Нисрох бурхны дугандаа мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

Одоогоор Сонгогдсон:

ХААДЫН ДЭД 19: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү