2 КОРИНТ 4:1-18
2 КОРИНТ 4:1-18 АБ2004
Тиймд бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана. Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн. Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний үхлийн махан бие дотор илэрхийлэгдэх болно. Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. “Би итгэсэн. Тиймээс би ярьсан” гэж бичигдсэний дагуу бидэнд ч адилхан итгэлийн сүнс байж, бид ч гэсэн итгэдэг. Тиймээс бид бас ярьдаг юм. Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт Өөрийнхөө өмнө аваачна гэдгийг бид мэддэг. Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.