ШАСТИРЫН ДЭД 6
6
1Дараа нь Соломон
—ЭЗЭН Өөрийгөө өтгөн үүлэн дотор оршино гэж айлдсан билээ.
2Танд сүрлэг сайхан өргөөг болон
Таны үүрд мөнхөд орших газрыг би барьлаа
хэмээв. 3Дараа нь хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг зогсож байхад нь ерөөлөө.
4Тэр хэлэхдээ
—Миний эцэг Давидад Өөрийн амаар айлдсан бүхнээ Өөрийн мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр айлдахдаа 5“Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм. 6Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм. 7Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих гэсэн сэтгэл миний эцэг Давидын зүрхэнд байсан. 8Харин ЭЗЭН миний эцэг Давидад хэлэхдээ “Миний нэр алдрын төлөө өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байсан учир маш сайн байна. 9Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамд төрөх чиний хүү Миний нэр алдрын төлөө уг өргөөг барих болно” гэсэн билээ. 10Өөрийн хэлсэн үгээ ЭЗЭН сая биелүүллээ. Учир нь ЭЗЭН амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд өсөн гарч, Израилийн хаан ширээнд заларч, мөн Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барьлаа. 11Израилийн хөвгүүдтэй ЭЗЭНий байгуулсан гэрээг хадгалсан авдрыг би энд залав хэмээв.
12Дараа нь Соломон Израилийн бүх чуулганы өмнө, ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав. 13Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцангийн дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав. 14Тэрээр
—Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ. 15Та Өөрийн боол миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаараа хэлснээ энэ өдөр Өөрийнхөө мутраар биелүүлэв. 16Тиймээс одоо, Израилийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн боол миний эцэг Давидад “Хэрэв чиний хөвгүүд өөрсдийн замууддаа анхаарч, Миний өмнө чиний амьдарсан шиг Миний хууль дотор замнах аваас, Израилийн хаан ширээнд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу. 17Тиймээс одоо Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та Өөрийн боол Давидад хэлсэн үгээ баталж өгөөч.
18Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ! 19Гэсэн ч миний Бурхан ЭЗЭН, Та боолынхоо залбирал, гуйлтыг болгоон соёрхооч. Таны өмнө боолынхоо уйлан залбирах залбирлыг сонсоорой. 20Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай. 21Таны боол болон Таны ард түмэн Израиль энэ газар уруу залбирах үед тэдний гуйлтыг сонсооч. Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсооч. Сонсоод, өршөөгөөч.
22Хэрэв хүн хөршийнхээ эсрэг нүгэл үйлдээд, тангараг тавихаар болоод, ирж, энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө тангараглавал, 23Та тэнгэрээс сонсон, үйлдэл хийж, Өөрийн боолуудаа шүүгээч. Бузар хүнийг өөрийнх нь толгой дээр өөрийнх нь үйлдлийг буулгаснаар шийтгэж, зөв шударга хүнд өөрийнх нь зөв шударга байдлын дагуу өгснөөр түүнийг зөвтгөнө үү.
24Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдаад, Тан уруу эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбирч, энэ өргөөнд Таны өмнө гуйх аваас, 25Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдэнд болон эцэг өвгөдөд нь өгсөн газар уруу тэднийг буцаан ирүүлээрэй.
26Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан, хур бороогүй болоход тэд энэ газар уруу залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовоох үед нүглээсээ эргэвэл 27Та тэнгэрт сонсон, Өөрийн боолуудын болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Та Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаарай.
28Хэрэв энэ нутагт өлсгөлөн, тахал, гангийн салхи, эсвэл хөгц, царцаа, эсвэл дэвхрэг байж, тэдний дайснууд тэднийг хотуудынх нь нутагт бүслэн авч, ямар ч гай гамшиг, ямар ч өвчин зовлон нөмрөх үед, 29хүн бүр өөрийн зовлон шаналал, өвчингөө ойлгоод, энэ өргөө уруу гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг 30Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсон, уучлахдаа, хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэддэг учир Та хүн бүрд өөрийнх нь үйлдлийн дагуу хариулаарай. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэддэг шүү дээ. 31Ингэснээр бидний эцэг өвгөдөд Таны өгсөн энэ газарт тэд амьдрах бүх хугацаанд Таны замуудаар алхалж байхын тулд тэд Танаас эмээх болно.
32Түүнчлэн Таны ард түмэн Израильд үл харьяалагдах харь хүний хувьд гэвэл, тэр Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын төлөө хол газраас ирээд, тэд ирж, энэ өргөө уруу залбирвал, 33Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсож, тэр харь хүний Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгоогоорой. Ингэснээр дэлхийн бүх хүмүүс Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израиль шиг Танаас эмээн, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан болохыг тэд мэдэх болно.
34Таны ард түмэн өөрсдийн дайснуудын эсрэг тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн ч, тэд Таны сонгосон энэ хот уруу болон Таны нэрд зориулан миний босгосон өргөө уруу хандан залбирах үед 35Та тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж өгөөрэй.
36Тэд Таны эсрэг нүгэл үйлдэж (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй), Та тэдэнд уурлан, тэднийг дайсанд тушаан, хол ойрын нутагт тэдэнд олзлуулан явуулах үед, 37тэд олзлуулан аваачигдсан нутагтаа ухааран, гэмшин, олзлолынхоо газарт Танд хандан “Бид нүгэл үйлдэж, гэм бурууг хийж, бузар зүйл үйлдлээ” гэж гуйх аваас, 38тэд өөрсдийг нь олзолсон дайсныхаа нутагт буюу олзлолынхоо газарт бүх зүрх сэтгэл, санаа бодлоороо Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот болон Таны нэрд зориулан миний барьсан өргөө уруу залбирвал, 39Та Өөрийн орших газар болох тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж, Таны эсрэг нүгэл үйлдсэн Өөрийн ард түмнээ уучилж өгөөч.
40Өө, Бурхан минь, энэ газарт өргөсөн залбиралд Таны мэлмий тунгалаг байж, таны чих сонор анхаараасай гэж би залбирч байна. 41Тийм учраас, Өө, ЭЗЭН Бурхан, Та одоо босоод, Өөрийн хүч чадлын авдартай хамт Өөрийн амрах газарт залраач. Өө, ЭЗЭН Бурхан минь, Өөрийн тахилч нарыг авралаар хувцаслаж, Өөрийн бурханлаг хүмүүсийг сайн зүйлсэд баясгаач. 42Өө, ЭЗЭН Бурхан минь, Таны тослогдсон нэгний нүүрийг бүү эргүүлээч. Өөрийн боол Давидад үзүүлсэн хайр энэрлээ дурсан санаач гэв.
Одоогоор Сонгогдсон:
ШАСТИРЫН ДЭД 6: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society