ШАСТИРЫН ДЭД 3

3
1Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм. 2Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ. 3Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа. 4Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ. 5Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв. 6Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ. 7Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.
8Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ. 9Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.
10Дараа нь тэрээр ариунаас ариун газрын танхимд хос херубуудын баримал дүр бүтээгээд, түүнийг алтаар бүрэв. 11Херубуудын далавчнуудын дэлгэлт хорин тохой байв. Нэгнийх нь нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний наад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв. 12Нөгөө херубын нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний цаад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв. 13Эдгээр херубуудын далавчнууд хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол танхим уруу харан хөл дээрээ зогсоцгоожээ. 14Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.
15Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганын толгой таван тохой байв. 16Тэрээр дотоод ариун газрынх шиг гинжнүүд хийгээд, тэдгээрийг баганануудын орой дээр байрлуулав. Тэрээр зуун сэмбэрүү урлан, гинжин дээр шигтгэв. 17Тэр сүмийн өмнө баганануудыг, нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг нь Иахин, зүүн талынхыг нь Боаз гэж нэрлэжээ.

Одоогоор Сонгогдсон:

ШАСТИРЫН ДЭД 3: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү