ШАСТИРЫН ДЭД 29
29
1Хезекиа хаан болохдоо хорин таван настай байв. Тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Зехариагийн охин Абиа гэдэг байв. 2Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.
3Хаанчлалынхаа анхны жилийн нэг дэх сард тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг онгойлгож, тэдгээрийг засварлав. 4Тэрээр тахилч нар болон левичүүдийг авчран, тэднийг зүүн талын талбайд цуглуулжээ. 5Тэгээд тэдэнд
—Левичүүд ээ, намайг сонсогтун. Одоо өөрсдийгөө, мөн эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг ариусгаж, ариун газраас бузар зүйлсийг гаргагтун. 6Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ. 7Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй. 8Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ. 9Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм. 10Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз. 11Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв.
12Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар, 13Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар, 14Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв. 15Тэд ах дүүсээ цуглуулан, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий үгийн дагуух хааны тушаалаар ЭЗЭНий өргөөг цэвэрлэхээр оржээ. 16Тахилч нар ЭЗЭНий өргөөний дотоод хэсгийг цэвэрлэхээр тийшээ орцгоогоод, ЭЗЭНий сүмээс олдсон бүх бузар зүйлсийг тэд ЭЗЭНий өргөөний хашаанд гарган хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидроны хөндий уруу аваачихаар явав. 17Ариусгах ажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусган, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав. 18Тэгээд тэд Хезекиа хаан уруу очиж,
—Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт цэвэрлэлээ. 19Үүнээс гадна, Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүй байдал дотроо хэрэггүй гээд хаясан бүх хэрэглэлийг бид бэлтгэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав.
20Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав. 21Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн төлөөх тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчирчээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав. 22Ингээд тэд бухнуудыг алж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. 23Дараа нь тэд нүглийн төлөөх тахилын ухнуудыг хаан болон чуулганы өмнө авчраад, тэд гараа дээр нь тавьцгаав. 24Тахилч нар ухнуудыг алаад, бүх Израилийн төлөө эвлэрүүллийг гүйцэтгэхээр тэдгээрийн цусаар тахилын ширээг цэвэршүүлэв. Учир нь хаан бүх Израилийн төлөө шатаалт болон нүглийн төлөөх тахил өргөхийг тушаасан билээ.
25Тэгээд Давид, мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэйгээр зогсоов. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ. 26Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов. 27Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ. 28Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм.
29Шатаалт тахилуудын төгсгөлд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн мэхийн сөгдөж, мөргөцгөөв. 30Үүнээс гадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв. 31Дараа нь Хезекиа
—Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчирчээ. 32Чуулганы авчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа. 33Ариусгагдсан зүйлс нь зургаан зуун бух, гурван мянган хонь болжээ. 34Гэвч тахилч нар маш цөөдөж, бүх шатаалт тахилуудын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тийм учраас ажил бүрэн дуустал, мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү ухамсартай хандсан байв. 35Тэнд мөн олон шатаалт тахилууд эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүдийн хамт байлаа. 36Тэгээд Хезекиа болон бүх ард түмэн Бурхан хүмүүст юу бэлдсэнийг хараад баярлан хөөрцгөөв. Учир нь энэ зүйл гэнэт тохиолдсон юм.
Одоогоор Сонгогдсон:
ШАСТИРЫН ДЭД 29: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society