ШАСТИРЫН ДЭД 18

18
1Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Тэрээр Ахабтай ураг холбосноороо түүнтэй нэгдэв. 2Хэдэн жилийн дараа тэрээр Самарид Ахабтай уулзахаар явав. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхрийг алж, Рамот-гилеадын эсрэг явж дайтахаар түүнийг ятгав. 3Израилийн хаан Ахаб Иудагийн хаан Иехошафатад хандан
—Чи надтай хамт Рамот-гилеадын эсрэг байлдахаар явах уу? гэхэд Иехошафат түүнд
—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд бид тулаанд тантай хамт байх болно гэв.
4Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд
—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв. 5Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс
—Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл би түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд
—Явагтун. Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 6Гэвч Иехошафат
—Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа. 7Израилийн хаан Иехошафатад
—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд
—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ. 8Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,
—Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав. 9Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 10Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж,
—ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ. 11Бүх эш үзүүлэгч
—Рамот-гилеад уруу явж, ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
12Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан
—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч гэсэн тэдний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв. 13Харин Микаиа
—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ. 14Тэрээр хааны өмнө ирэхэд, хаан түүнээс
—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл би татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд
—Явж, ялагтун. Учир нь тэд таны гарт өгөгдөх болно гэжээ 15Хаан түүнд
—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн гуйх юм бэ? хэмээв. 16Микаиа хариуд нь
—Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.
ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.
Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэв
хэмээн өчлөө. 17Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад
—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 18Микаиа
—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм. 19ЭЗЭН “Хэн Израилийн хаан Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа. 20Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэсэнд ЭЗЭН түүнээс “Яаж?” хэмээн асуув. 21Тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ. 22Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. Учир нь ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.
23Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад
—ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв. 24Микаиа
—Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв. 25Израилийн хаан
—Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун. 26Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв. 27Микаиа
—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,
—Бүх ард түмэн, сонсогтун гэв.
28Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв. 29Израилийн хаан Иехошафатад хандан
—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо. 30Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ ахмадуудад тушаан,
—Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв. 31Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,
—Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав. 32Морин тэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв. 33Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгний хөтчид
—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 34Тэр өдрийн тулаан ширүүсэж, Израилийн хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо орой болтол тэргээ налж байгаад, нар жаргахад нас барлаа.

Одоогоор Сонгогдсон:

ШАСТИРЫН ДЭД 18: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү