1 САМУЕЛ 6:4-13
1 САМУЕЛ 6:4-13 АБ2004
Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд өргөх гэмийн тахил нь юу байх вэ? гэж асуув. Тэд —Филистийн ноёдын тоогоор таван алтан хавдар өвчин, таван алтан хулгана хий. Учир нь та бүгдийн дээр болон танай ноёдын дээр нэг л гамшиг буусан билээ. Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа. Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу? Тийм учраас одоо нэг шинэ тэрэг болон буулганд оруулж байгаагүй, тугалтай хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь салгаж, тугалын хашаанд хий. ЭЗЭНий авдрыг авч, тэргэн дээр тавь. Гэмийн тахил болгон Бурханд буцаах алтан эдлэлээ хайрцагт хийж, авдрын хажууд тавь. Дараа нь үүнийг зөнд нь явуулагтун. Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв. Хүмүүс тийнхүү үйлдэж, тугалтай хоёр үнээ авч, тэргэнд хөллөн, тугалуудыг нь тугалын хашаанд хийж түгжжээ. Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулганууд болон хавдрынхаа дүрсүүдийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив. Үнээнүүд Бет-шемешийн зүг уруу чигээрээ явж, нэг замаа даган мөөрсөөр цаашлан, баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав. Бет-шемешийн хүмүүс хөндийд улаан буудайныхаа ургацыг хурааж байгаад, нүдээ өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад ихэд баярлав.