1 САМУЕЛ 23:14-29

1 САМУЕЛ 23:14-29 АБ2004

Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй. Давид Зифийн цөлд, Хорешт байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ. Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Бурханы дотор Давидыг зоригжуулав. Тэрээр Давидад —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа хэмээн өгүүлэв. Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав. Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саулд ирж, —Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахилагийн давааны Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу? Одоо тэгэхлээр хаан минь, сэтгэлийнхээ хүслээ биелүүлж хүрч ирэгтүн. Харин бид түүнийг хааны гарт тушаана хэмээн өгүүлэв. Саул —ЭЗЭН та нарыг ивээх болтугай. Учир нь та нар намайг өрөвдөн хайрласан билээ. Одоо явж, илүү тодорхой болгон, түүний очдог газар болон тэнд түүнийг харсан хүн бий эсэхийг сайтар шалгаж үзэгтүн. Учир нь түүнийг маш зальтай хүн гэж би сонссон. Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газруудын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатуудын дотроос ч эрж хайя хэмээн өгүүлэв. Ингээд тэд босож, Саулаас урьтан Зиф уруу явав. Давид болон түүний хүмүүс Иешимоны өмнө зүгт байрлах Арабад, Маоны цөлд байв. Саул болон түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр Маоны цөлд үлдэн, хадтай газар уруу ирж буув. Саул үүнийг сонсоод Давидыг Маоны цөлд мөшгөн хөөв. Саул уулын нэг талаар Давид болон түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Давид Саулаас зайлах гэж яарч байв. Учир нь Саул болон түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүслэж байв. Гэтэл нэгэн элч Саулд ирж, —Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ хэмээн мэдэгдэв. Ийнхүү Саул Давидыг мөшгөхөө больж, филистчүүдийг угтан тулалдахаар явав. Ийм учраас тэд энэ газрыг —Зайлан зугтаалгасан хад гэж нэрлэжээ. Давид тэндээс явж, Енгедийн бэхлэлтүүдэд хоргодов.