1 САМУЕЛ 20:1-42

1 САМУЕЛ 20:1-42 АБ2004

Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж, —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв. Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв. Гэсэн ч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв. Ионатан Давидад —Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе гэв. Тиймээс Давид Ионатанд —Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя. Хэрэв таны эцэг намайг асуусаар л байвал “Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” хэмээн өгүүлэгтүн. Хэрэв таны эцэг “Сайн” гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ. Иймээс өөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан өөрийн боолтой гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гэм буруу байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв. Ионатан —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд Давид Ионатанд —Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв. Ионатан Давидад —Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав. Тэгэхэд Ионатан Давидад —Израилийн Бурхан, ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж, чамд дуулгахгүй гэж үү? Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай. Би амьд хэвээр байвал намайг үхүүлэхгүй байлгахаар ЭЗЭНий хайр энэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү? ЭЗЭН Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв. Ионатан Давидын гэртэй гэрээ байгуулаад —ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв. Ионатан Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ. Ионатан Давидад —Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно. Гурван өдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун. Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина. Би нэгэн хөвгүүнийг явуулж, “Явж, сумнуудыг олж ир” гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан “Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир” гэж хэлбэл, чи гарч ирээрэй. Учир нь ЭЗЭНий амьд буйгаар тангараглая, чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй. Харин хэрэв би залууд “Хар, сум чиний цаад талд байна” гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна. Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, ЭЗЭН чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлэв. Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа. Хаан заншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Абнер Саулын хажууд суусан ба Давидын суудал хоосон байв. Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ. Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас —Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув. Тэгэхэд Ионатан Саулд —Давид Бетлехем уруу явахаар надаас ихэд гуйсан юм. Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв би тааллыг тань олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” хэмээн хэлсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм хэмээн хариулав. Саул Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу? Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж, түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлэв. Харин Ионатан эцэг Саулдаа хариулан, —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв. Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ. Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв. Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзохоор хээр тал уруу гарч явав. Тэр хөвгүүнд —Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив. Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан, —Сум чиний цаана чинь байна хэмээн хашхиран өгүүлэв. Ионатан хөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв. Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан, Давид хоёр л учрыг мэдэж байлаа. Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч —Үүнийг хот уруу авч яв гэж өгүүлэв. Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав. Ионатан Давидад —Тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай” хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биедээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.