1 САМУЕЛ 1:1-18

1 САМУЕЛ 1:1-18 АБ2004

Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ. Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв. Учир нь тэр Ханнад хайртай байсан боловч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв. Жил бүр тэгдэг байсан бөгөөд Ханна ЭЗЭНий өргөөнд очих болгонд Пенинна түүнийг өддөг байв. Тийм учраас Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. Шилод хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы дэргэдэх суудал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв. Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв. Ханна ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. Ханна зүрх сэтгэл дотроо залбирч, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь гарахгүй байсан юм. Тиймээс Ели түүнийг согтуу байна хэмээн боджээ. Ели түүнд —Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна. Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ. Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв. Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны өмнө тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов.