1 ПЕТР 2:4-25
1 ПЕТР 2:4-25 АБ2004
Эзэн уруу ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун. Энэ нь Сударт “Харагтун. Би Сионд сонгогдсон, Булангийн үнэт чулууг тавина. Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй” хэмээн бичигдсэн байдаг. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт. Харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов” гээд “Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм” гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж. Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна. Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя. Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно. Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад ч захируул. Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм. Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд. Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл. Боолчууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас шударга бус авирлагч эздэдээ ч захирагд. Учир нь хэрэв хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь тааллыг олдог. Хэрэв та нар нүгэл үйлдээд ширүүн нударгад өртөхдөө тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы тааллыг олдог. Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй. Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа. Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ. Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид буцаж ирэв.