ХААДЫН ДЭЭД 8
8
1Соломон ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахаар Израилийн бүхий л ахмадуудад болон бүх овгийн удирдагчид болох Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөр уруугаа цуглуулав. 2Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав. 3Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав. 4Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав. 5Соломон хаан болон түүний өмнө цугласан бүх Израилийн чуулган хамтдаа авдрын өмнө тоолж тооцоолж барахгүй их хонь, үхрээр тахил өргөлөө. 6Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа. 7Херубууд далавчаа авдран дээгүүр дэлгэж, авдар болон дамнуургуудыг дээрээс нь халхалж байв. 8Харин дамнуургууд нь урт учир тэдгээрийн үзүүрүүд нь дотоод ариун газрын наана байх ариун газраас харагдаж байлаа. Гэвч ариун газрын гаднаас тэдгээр нь харагдахааргүй байв. Тэдгээр дамнуургууд энэ өдрийг хүртэл тэндээ бий. 9Хоребт байхдаа Мосе тийшээ хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор байхгүй байв. Хореб бол Израилийн хөвгүүд Египет газраас гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар юм. 10Тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв. 11ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа.
12Тэгэхэд Соломон
—ЭЗЭН өтгөн үүлэн дотор оршино.
13Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар,
сүрлэг өргөөг Танд барьж босголоо
хэмээн өгүүлэв. 14Үүний дараа хаан эргэн харж, тэднийг зогсож байх зуур нь Израилийн бүх чуулганыг ерөөлөө. 15Тэрээр
—Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн амаар миний эцэг Давидад хэлсэн бөгөөд Өөрийнхөө мутраар тэр бүхнийг биелүүлж өглөө. Тэрээр айлдахдаа 16“Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм. 17Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барих гэсэн санаа миний эцэг Давидын зүрхэнд байсан. 18Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэрд зориулж өргөө барина гэсэн санаа зүрхэнд чинь байгаа учир маш сайн байна. 19Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамаас төрсөн чиний хүү Миний нэрд зориулж өргөө барих болно” гэсэн билээ. 20ЭЗЭН Өөрийн хэлсэн үгээ сая биелүүллээ. Учир нь ЭЗЭНий амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барьж босголоо. 21ЭЗЭН бидний өвөг дээдсийг Египет газраас удирдан гаргахдаа тэдэнтэй байгуулсан гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ хэмээлээ.
22Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж,
— 23Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ. 24Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ. 25Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад “Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу. 26Тиймээс одоо Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн боол, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч гэж би залбирч байна.
27Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ! 28Гэсэн ч Миний Бурхан ЭЗЭН минь ээ, Та боолынхоо өргөж буй залбирал, хүсэлтийг анхааран, өнөөдөр боол тань Таныхаа өмнө хашхирч залбирсан энэ залбирлыг сонсооч. 29Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны “Миний нэр тэнд байх болно” гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай. 30Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.
31Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдэж, тангараг тавих болоод энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглавал, 32Та тэнгэрээс сонсон үйлдээч. Боолуудаа шүүж, хар санаатны арга замыг өөрийнх нь толгой дээр буулгаж, зөв шударга хүнд зөвийнх нь дагуу өгснөөрөө зөвтгөн болгооно уу.
33Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал, 34Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, өвөг дээдэст нь Таны өгсөн газар уруу, тэднийг буцаан ирүүлж өгөөрэй.
35Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл, 36Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.
37Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед, 38хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг 39Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй. 40Ингэснээр өвөг дээдэст маань Таны өгсөн энэ газарт тэд амьдран суух бүх хугацаанд тэд Танаас эмээх болно.
41Түүнчлэн бас Таны ард түмэн Израильд үл харьяалагдах хүн буюу Таны нэрийн төлөө хол газраас ирсэн харь хүн ч гэсэн 42(Тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал 43Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсож, тэр харь хүн Таныг дуудсан хүслийнх нь дагуу бүхнийг үйлдэж, болгоогоорой. Энэ нь газар дээр орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн болох Израиль шиг Танаас эмээн, Миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг тэдэнд мэдүүлэхийн тулд юм.
44Таны ард түмэн дайсантай тулалдах гэж явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний барьж босгосон дуган уруу хандан ЭЗЭНд тэд залбирах үед, 45тэдний гуйлт хүсэлтийг нь Та тэнгэрээс сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.
46Тэд Таны эсрэг нүгэл үйлдэн, (нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй юм) Таныг хилэгнүүлснээс болж Та тэднийг дайсанд өгч, тэд дайсны нутаг уруу хол, эсвэл ойр газар уруу олзлогдож явах үед, 47олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, “Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ” гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол, 48мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал, 49Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа тэдний залбирал гуйлтыг сонсож, тэдэнд тусалж өгөөрэй. 50Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон Таны эсрэг үл дагасан бүх нүгэлтнийг уучлан, өршөөж болгоогооч. Тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэн, тэдгээр хүмүүсээр нь дамжуулж тэднийг өршөөн нигүүлсээрэй. 51(Учир нь тэд бол Таны ард түмэн ба Египет буюу төмөр хайлуулдаг зуухны дотроос Таны гаргаж авсан өв тань билээ). 52Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож, боолынхоо ба ард түмэн Израилийнхаа гуйлт бүхэнд Таны мэлмий тусах болно. 53Та өвөг дээдсийг минь Египетээс удирдан гаргахдаа Өөрийн боол Мосегээр дамжуулан хэлсэнчлэн израильчуудыг Өөрийн өв болгон, дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ, Эзэн БУРХАН минь хэмээн залбирав.
54Соломон уг залбирал гуйлтыг ЭЗЭНд залбирсныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд өргөөстэй босов. 55Тэрээр зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн,
— 56Амласан ёсоороо Өөрийн ард түмэн болох Израильд амралтыг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн боол Мосегээр дамжуулан Түүний амласан бүх сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй. 57Бидний Бурхан ЭЗЭН өвөг дээдэстэй минь хамт байсан шигээ бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг орхихгүй, мартахгүй байх болтугай. 58Ингэснээр Өөрийн бүх замаараа алхуулан, өвөг дээдэст минь тушаасан тушаал, зарлиг, тогтоолуудыг нь сахин мөрдүүлэхийн тулд бидний зүрх сэтгэлийг Өөрийнхөө зүг хандуулах болтугай. 59ЭЗЭНий өмнө хүссэн гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр өдөр бүрийн хэрэгцээний дагуу Түүний боол ба Түүний ард түмэн болох Израильд тэрээр тусалж өгөх болтугай. 60Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай. 61Тийм учраас өнөөдөр байгаа шиг нийлж, Түүний тушаалуудыг сахин, Түүний зарлиг дотор явахын тулд та нарын зүрх сэтгэл ЭЗЭН Бурхандаа бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.
62Тэгээд хаан болон түүнтэй хамт байсан бүх Израиль ЭЗЭНий өмнө өргөл өргөв. 63Соломон ЭЗЭНд зориулан эвийн тахилын өргөлд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Хаан ба Израилийн бүх хөвгүүд ЭЗЭНий өргөөг ЭЗЭНд зориулсан юм. 64Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх тахилын хүрэл ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа. 65Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив. 66Найм дахь өдөрт Соломон ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхан уруу харьцгаалаа.
Одоогоор Сонгогдсон:
ХААДЫН ДЭЭД 8: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society