ХААДЫН ДЭЭД 19:11-18
ХААДЫН ДЭЭД 19:11-18 АБ2004
ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй. Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа. Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон, агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд, —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? хэмээв. Елиа —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартан, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив. ЭЗЭН түүнд —Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно. Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно. Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно. Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав.