ХААДЫН ДЭЭД 16
16
1ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд Баашагийн эсрэг ирж 2Би чамайг шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан, Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглүүдээр Намайг хилэгнэхэд хүргэлээ. 3Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно. 4Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь хүүрийг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэлээ.
5Баашагийн хүч чадал, хийсэн үйлс зэрэг бусад зүйлс нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 6Бааша эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Тирзад оршуулагджээ. Түүний хүү Ела нь түүний орыг залгамжлан хаан болов. 7Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, тэрхүү үйлсээрээ ЭЗЭНийг хилэгнүүлж, Иеробоамын гэр шиг байсан, мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжуулан ирсэн ЭЗЭНий үг Баашаны болон түүний гэр бүлийнх нь эсрэг байв.
8Иудагийн хаан Асагийн хорин зургадугаар жилд Баашагийн хүү Ела Тирзад Израилийн хаан болж, хоёр жилийн турш хаанчилжээ. 9Түүний түшмэл, түүнийг тэрэгт цэргийн хагасыг нь захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргажээ. Тэр үед Ела нь Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт архи уун, согтсон байв. 10Тэгэхэд Зимри орж ирэн, Иудагийн хаан Асагийн хорин долдугаар жилд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо. 11Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ. 12Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ. 13Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.
14Елагийн бусад үйлс болон хийсэн бүх ажил Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
15Иудагийн Аса хааны хорин долдугаар жилд Зимри Тирзад долоон өдөр хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа. 16Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан хэмээн тэр өдөр хуарандаа өргөмжлөв. 17Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв. 18Хот эзлэгдснийг мэдмэгц Зимри хааны гэрийн цайз уруу орон, хааны гэрийг галдан шатааж, өөрөө ч үхэв. 19Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн, Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэн, Израилиар ч нүгэл үйлдүүлсэн зэргээс болсон юм. 20Зимрийн бусад үйлс болон түүний гаргасан хуйвалдаан Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
21Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдан, нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан, нөгөө хагас нь Омрийг дагалаа. 22Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон, Омри хаан болов. 23Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр жилд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилсан. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байв. 24Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулан, толгодын Эзэн Шемерийн нэрээр тэр хотыг Самари гэж нэрлэжээ. 25Омри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг хийсэн төдийгүй түүний үйлс нь өмнөх хаадынхаас ч илүү харгис байлаа. 26Юу гэвэл тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар гэм үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм. 27Омрийн хийсэн бусад үйл явдал болон түүний хүч чадал нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 28Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид оршуулагдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов.
29Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав. 30Омрийн хүү Ахаб өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. 31Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ. 32Тэрээр Самарид босгосон Баалын дуганд Баалд зориулан тахилын ширээ босгов. 33Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв. 34Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.
Одоогоор Сонгогдсон:
ХААДЫН ДЭЭД 16: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society