ХААДЫН ДЭЭД 1
1
1Давид хаан нас өндөр болж хөгширсөн билээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучаад ч дулаацахаа больжээ. 2Түшмэд нь түүнд
—Бидний эзэн хаан танд нэг залуу онгон охиныг олж авчирч тэрээр хаанд зарагдан, түүний асрагч болог. Түүнийг та өвөртлөн унтвал бидний эзэн хаан таны бие дулаацах болно гэлцэв. 3Тэд Израилийн бүх нутаг даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, Абишаг нэртэй нэгэн шунем охиныг олж, хааны ордонд авчирлаа. 4Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.
5Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн
—Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ. 6Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа. 7Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав. 8Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй. 9Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ. 10Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй.
11Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн
—Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу? 12Одоо таны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье. 13Давид хаанд үтэр бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн. 14Харагтун, та хаантанд ийн айлтгаж байх үед би хойноос тань орж ирэн, өчигт тань дэм өгье хэмээв. 15Хаантныг лавриндаа хажуулах үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд Шунем охин Абишаг түүнд үйлчлэн байлаа. 16Тэгээд Батшеба бөхийж хааны өмнө сөгдөн мөргөлөө. Хаан
—Чи юу хүсэв? хэмээн асуув. 17Тэрээр хаанд
—Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно” гэж амласан шүү дээ. 18Гэтэл одоо харагтун, Адониа хаан болжээ. Миний эзэн хаан, та үүнийг мэдээгүй л байна. 19Адониа үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг ч урьсан боловч таны боол Соломоныг урьсангүй. 20Хаан эзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй. 21Эс тэгвэл миний эзэн хаан та өвөг дээдсийнхээ хамт нойрсох цаг ирмэгц би болон миний хүү Соломон тэрслүү хэмээн тооцогдоно шүү дээ хэмээв.
22Батшеба хаанд айлтгасаар байх үед, эш үзүүлэгч Натан орж ирэв. 23Тэд хаанд
—Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт хүртэл хааны өмнө сунан мөргөв. 24Тэгээд Натан
—Миний эзэн хаан та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” хэмээн хэлсэн юм уу? 25Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна. 26Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй. 27Эдгээрийг миний эзэн хаан та үйлдэхийг зөвшөөрсөн бол миний эзэн хааны дараа хэн түүний сэнтийд залгамжлан суухыг өөрийн боолууддаа дуулгаагүй байхсан гэж үү? гэж мэдүүлэв.
28Тэгэхэд Давид хаан
—Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирэн, хааны өмнө зогсов. 29Хаан тангараглаж,
—Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. 30Би чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв. 31Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж,
—Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.
32Дараа нь Давид хаан
—Тахилч Задок, эш үзүүлэгч Натан болон Иехоиадагийн хүү Бенаиаг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ. 33Хаан тэдэнд
—Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач. 34Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун. 35Тэгээд та нар түүнийг даган ирж, тэр ирээд миний сэнтийд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав. 36Иехоиадагийн хүү Бенаиа хаанд хариулан
—Амен! Хаан эзний минь Бурхан ЭЗЭН ч ийн айлдах болтугай. 37Миний эзэн хаантай ЭЗЭН хамт байсан шиг, Соломонтой ч хамт байж, түүний хаан ширээг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай хэмээн хэлэв.
38Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив. 39Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс
—Соломон хаан мандтугай! гэж уухайлав. 40Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.
41Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод,
—Юу болоод энэ хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв. 42Тэрээр хэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа
—Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв. 43Харин Ионатан Адониад
—Үгүй ээ. Манай эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ. 44Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан. 45Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ. 46Соломон хаанчлалын сэнтийд залран суусан билээ. 47Түүгээр барахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, “Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээ мэхийн, 48“Миний нүдэн дээр миний сэнтийд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.
49Тэгтэл Адониагийн бүх зочин айдаст автав. Тэд босож, өөр өөрийн замаар одоцгоов. 50Адониа Соломоноос айж байлаа. Тэр босон явж, тахилын ширээний эврээс зуурч авав. 51Соломонд
—Адониа Соломон хаанаас айсандаа тахилын ширээний эврээс зууран “Өөрийн зарцыг сэлмээр цавчин алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаасай” гэж үглэж байна хэмээн дуулдсанд, 52Соломон
—Хэрэв тэр зохистой хүн байвал, түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр заавал үхэх болно гэж хэлэв. 53Соломон хаан хүн илгээж, тэд түүнийг тахилын ширээнээс авчирсан билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө сунан мөргөхөд Соломон түүнд
—Гэртээ харигтун гэв.
Одоогоор Сонгогдсон:
ХААДЫН ДЭЭД 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society