ШАСТИРЫН ДЭЭД 11

11
1Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж
—Үзэгтүн, бид таны яс махны тасархай билээ. 2Урьд Саулыг хаан байх үед Израилийг удирдан гаргаж авчирдаг ганц хүн нь та байсан билээ. Таны Бурхан ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн захирагч болох болно” гэж айлдсан гэж хэлцгээв. 3Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.
4Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим (буюу Иебус) уруу явав. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв. 5Иебусын оршин суугчид Давидад
—Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот). 6Давид
—Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов. 7Тэгээд Давид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ. 8Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов. 9Түмэн цэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв.
10Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой. 11Давидтай байсан хүчит эрсийн жагсаал нь дараах болой. Гучин хүний тэргүүлэгч нь хагмон хүний хүү Иашобеам юм. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа өргөн тэднийг нэг далайлтаар алсан хүн билээ. 12Түүний удаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрийн нэг билээ. 13Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав. 14Тэд талбайн гол дунд байрлалаа эзлээд талбайг хамгаалан, Филистийн цэргүүдийг цохив. ЭЗЭН агуу ялалтаар тэднийг аврав.
15Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнан байх үед гучин тэргүүлэгч эрсийн гурав нь хаданд буй Давидыг хайн Адулламын агуйд ирэв. 16Филистийн цэргийн анги Бетлехемд байх үед Давид Ариун уулын бэхлэлтэд байв. 17Давид
—Хэн нэгэн нь Бетлехемийн хаалганы хажууд байх худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! хэмээн хүсэмжилсэнд 18өнөөх гурав филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирч Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж,
19Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм болой.
20Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв. 21Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихээр хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.
22Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ. 23Тэрээр таван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон юм. 24Иехоиадагийн хүү Бенаиа эдгээр зүйлсийг үйлдсэн бөгөөд тэр гурван хүчит эрийн нэгэн адил нэртэй байв. 25Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ.
26Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан, 27харор хүн Шаммот, пелонит хүн Хелез, 28текоа хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер, 29хуша хүн Сиббекаи, ахоа хүн Илаи, 30нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед, 31Бениамины хөвгүүдийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа, 32Гааш горхины Хураи, арбат хүн Абиел, 33бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба, 34гизон хүн Хашемын хүүхдүүд, харар хүн Шагегийн хүү Ионатан, 35харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал, 36мекерат хүн Хефер, пелонит хүн Ахиа, 37галмер хүн Хезро, Езбаигийн хүү Наараи, 38Натаны дүү Иоел, Хагригийн хүү Мибхар, 39аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч берот хүн Нахараи, 40итрит хүн Ира, итрит хүн Гареб, 41хит хүн Уриа, Ахлаин хүү Забад, 42реубен хүн Шизагийн хүү реубенчүүдийн толгойлогч гучин хүнийг өөртэйгөө байлган Адина, 43Маакагийн хүү Ханан, митнит хүн Иошафат, 44аштерат хүн Уззиа, ароер хүн Хотамын хөвгүүд Шама, Иеиел, 45Шимрийн хүү Иедиаел, түүний дүү Тиз хүн Иоха, 46махави хүн Елиел, Елнаамын хөвгүүд болох Иерибаи, Иошавиа нар ба моаб хүн Итма, 47Елиел, Обед, мезобаи хүн Иаасел нар болой.

Одоогоор Сонгогдсон:

ШАСТИРЫН ДЭЭД 11: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү