Зехариа 4:1-10

Зехариа 4:1-10 АБ2013

Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов. Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий цул алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тусбүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харлаа. Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний дараа би надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хариулан —Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд надтай ярилцагч мөнөөх тэнгэрэлч надад хандан —Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би —Мэдэхгүй, эзэн минь гэв. Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв. Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь — Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно. Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.